top of page

Амгалан дэлхийн төлөө тэнгэр шүтлэгтний наадам 2025

2025 оны 6 сарын 21-22-ний өдрүүдэд Архангай аймгийн Хашаат сумын нутагт эртний нийслэл Хархорумаас холгүй "Амгалан дэлхийн төлөө" уриан дор "Тэнгэр шүтлэгтний олон улсын наадам" амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын үеэр "Этүгэн" нэрийн эртний Монгол дээлийн загварын үзүүлбэр, олон орны бөө мөргөлийн зан үйл, тахилга, бэсрэг эрийн 3 наадам болж өндөрлөв. Үйл ажиллагааны гэрэл зургийг толилуулж байна. Гэрэл зургийг: Мөнхгэрэл, Ууганбаяр.

Гэрлийн Өргөө мод тарих үйлүүд 2014-2025

Гэрлийн Өргөөний хамт олон 2014 оноос эхлэн Туулын бургас усны үндэс нэрээр Зүрх хайрханд мод тарьж ургуулах төслийг санаачилж эхлүүлсэн бөгөөд жил бүр өөр өөр байршилд мод тарьж ургуулах ажлыг хийж байна. Үүнд: Хөвсгөл, Увс, Хэнтий, Төв аймгуудад оршин суудаг газраа жил бүр тогтмол мод тарьж арчилж ургуулж байна. Бөө хүн жил бүр заавал тодорхой тооны мод тарьж бүтэн жил хийсэн засал болоод үйлээ хугаслах, байгаль дэлхийдээ өргөл өргөх ёс учир байдаг билээ. 

Эх дэлхий мину олон улсын бөөгийн чуулган 2015.09.21-23

Эх Дэлхийдээ ээлтэй, жамд нийцтэй амьдрах арга ухаан, үзэл санааг хүн төрөлхтөнд ухуулан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд зорилготой "Эх Дэлхий мину" олон улсын бөөгийн чуулганыг Гэрлийн Өргөө Бүлхэм-Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас Дэлхийн Бөөгийн холбоотой хамтран эх орондоо 2015 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд Франц, Швед, Швейцар, Мексик, Болгар, АНУ, Англи, Япон, Солонгос, ӨвөрМонгол зэрэг орнуудаас ирсэн бөө, бөө судлаачид оролцов. Тус чуулган нь:  - Эрдэм шинжилгээний хурал,  -Бөөгийн зан үйл, тайлга, тахилга,  -Олон улсын бөөгийн чуулган, зан үйл  -Уламжлалт цагаан сарын баяр,  - Эрийн 3 бэсрэг Наадам г.м олон арга хэмжээ бүхий цогц арга хэмжээ болж зохиогдсон юм.  Эх Дэлхий Мину Олон улсын бөөгийн чуулганы эрдэм шинжилгээний хурал 2015 оны 9 сарын 21-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан бол Бөөгийн зан үйл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Ноён уулын орчим боллоо.   Япон судлаач хэлэхдээ: Япончуудад "Хайран юм" гэдэг нэг үг байдаг. Эх дэлхийгээ хайрлах хайр хүн бүрийн зүрхэнд байдаг, хайран юм гэх харуусалтай л хоцрохгүйн тулд хүн бүрийн хичээл хэрэгтэй юм. Шведээс ирж илтгэл тавьсан Нордик уламжлалын Бөө Аня: Шведэд бид үр хүүхдээ сургаж чадсанаа ам бардам хэлнэ. Өнөөдөр тэнд очоод гудманд нэг ч хог харахгүй. Харин Европт Францад бол хаа сайгүй хог. Бид эх дэлхийгээ хайрлахын тулд өөрсдийн үр хүүхдүүдээ зөв хүмүүс болгож хүмүүжүүлэх нь чухал юм.  Алс холын Мексик орноос хүрэлцэн ирсэн Бөө Ману хэлэхдээ: Монгол бол маш өвөрмоц орон, энэ өвөрмөц гайхалтай өв соёл, байгал дэлхийгээ битгий эвдчихээсэй,бусад орон шиг хөгжил гэдгийг хэт шүтэж буруу замаар орохоос сэрэмжлэх хэрэгтэй.  Францаас ирсэн Цөмийн физикч Ново хэлэхдээ: 2050 он гэхэд Франц улс 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах төсөл, НҮБ дээр хэлэлцүүлсэн. Мөн Монгол улсаас шинжлэх ухаан, байгал орчин, хуулчдын төлөөллөөс нэр хүндтэй хүмүүс оролцож илтгэл тавьсан юм. Дэлхий нийт байгал эх дэлхийд ээлтэй, жам ёсоор урт удаан хугацаанд оршин тогтнох арга, үзэл санааг энэ хурлаар хуваалцлаа. Энд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс хурлын албан ёсны уриалга шийдвэрүүдийг эмхлэн гаргаж зохих байгууллагуудад хүргүүлэх юм.

"Ноён уулаа аваръя" бөөгийн галуудын нэгдсэн бөөлөө 2015.02.15

Хүн гүрний өвөг дээдсүүдийн ариун онгон орших Ноён уулаа ухуулахгүй хамгаалж үлдээх зорилгоор иргэний хөдөлгөөнүүдийн зохион байгуулсан тайван жагсаал цуглаанд нэгдэж Монгол бөө нар түүхэндээ анх удаа талбай дээр хуягтайгаа жагссан үйл явдал 2015 оны 2 сарын 15нд болов. Энэ үйлийн дараагаар Монгол бөөгийн галууд нэгдэн Яармагийн дэнж дээр нэгдсэн бөөлөө, зан үйл зохион байгуулсан бөгөөд Гэрлийн Өргөөний улаачид дэмнэж оролцов. 1990-ээд оноос хойш бөө мөргөлийн зан үйл сэргэснээс хойш анх удаа бөө нар ингэж ил тодоор тайван замаар жагсаж, мөн уул усныхаа төлөө нэгдэж бөөлсөн зан үйл болов. 

Франц дахь олон улсын бөөгийн наадам 2015

2015 оны 4 сард Франц улс, Фанлак хотноо дэлхийн олон орны бөө мөргөлийн төлөөлөгчид чуулсан наадамд  Монгол бөө нар анх удаа оролцов. Тус чуулганд Гэрлийн өргөөнөөс 4 улаач оролцсон бөгөөд дэлхийн 30 гаруй орны 100 гаруй бөө мөргөлийн төлөөлөгчид нийт 4 өдрийн турш чуулж, хоорондоо танилцаж, харилцан бие биенээсээ суралцаж, олон соёл, зан заншлыг танин мэдэцгээж хамтдаа нэгдэн үйл хийцгээв. Энэ цаг үеэс эхлэн Монгол бөө нар олон улсын бөөгийн холбоонд албан ёсоор гишүүн болж жил бүр оролцсоор тасралтгүй 10 жил болсон байна. 

Түмэн Онгодын чуулган 2012.12.21-22

2012 оны 12 сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт  Түмэн Онгодын Их Чуулган зохион байгуулагдаж Хамаг Монголын түмэн отгийн 1000 галыг бадраах их ёслол зохион байгуулагдав. Энэхүү үйлд улаач, түшээ, дэмжигч ард иргэд нийлсэн 500 гаруй хүмүүс оролцож, хөхөө өвлийн хүйтэнд 1000 галыг бадраан 24 цагийн турш тасралтгүй манан хэнгэргийн дуу таслахгүй бөөлөв. Энэхүү үйл нь  Гэрлийн өргөөнөөс зохион байгуулсан анхны томоохон үйлийн нэг болж түүхэнд үлдэв. Гэрэл зургийг: Б.Мөнхбаяр, Эрдэнэбаяр. 

Гэрлийн өргөө анхдугаар их хуралдай 2012.09.22-23

2012 оны 09 сарын 22-23-ны өдрүүдэд Гэрлийн өргөөний гишүүд анхны их хурлаа Нийслэлийн УБ чуулгын байранд зохион байгуулж, үйл ажиллагааны танилцуулга, цаашид хийх ажлын чиг төлөвлөгөөгөө гаргав. Үйлийн дараа  Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт очин галын тахилга хийв. Уг нь бол цөөн хүнийг хамруулахаар төлөвлөсөн байсан ч хуралд бидний төсөөлөөгүй олон хүн хүрэлцэн ирснээр санамсаргүй маш олуулаа анхны хуралдайгаа 13-р зуун цогцолборт хийж дүүргэсэн дурсамжтай. 

Бурхан Халдун хайрханы тахилга 2012

Гэрлийн Өргөөний улаачид 2012 оны зун эцэг өвгүдийн шүтээн  Бурхан Халдун хайрханаа тахив.

bottom of page